Friday , October 22 2021

Далайн агаар мандалд үзүүлж буй нөлөө ба дэлхийн цаг уурын өдөр-2021

22

ДЦУБ-аас Жил бүрийн 3-р сарын 23-ны өдрийг Дэлхийн цаг уурын өдөр гэж нэрлэн тэмдэглэсээр 71 жил болсон байна. Харин 2017 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор энэ өдрийг “Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөр” хэмээн баталсан. Энэ өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Далай, уур амьсгал ба цаг агаар” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Далай, уур амьсгал ба цаг агаар” сэдвийг сонгох болсон нь 2 үндсэн шалтгаантай. 1-рт бид цаг агаар, уур амьсгалын тухай бодохдоо агаар мандалд л юу болж байгаа тухай боддог ч далайг орхигдуулдаг. Гэтэл далай нь дэлхийн гадаргуугийн 70 гаруй хувийг эзэлдэг ба дэлхийн цаг агаар, уур амьсгалын гол хөтлөгч хүч бөгөөд  уур амьсгалын өөрчлөлтөнд ч гол үүрэг гүйцэтгэж байдаг. Тиймээс Үндэсний цаг уурын албад, эрдэмтэн судлаачдад цаг агаар уур амьсгалын ажиглалт, хэмжилт, урьдчилал тооцоолол, загварчлал, судалгаа, урьдчилан мэдээлэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд  далайг орхигдуулж, дутуу үнэлж болохгүй гэдгийг сануулах зорилготой. Өөрөөр хэлбэл хэрхэн өөрчлөгдөж байгааг нь тасралтгүй хэмжиж хянаж байх, энэ чиглэлийн ажиглалт хэмжилтийн сүлжээгээ өргөтгөх, далайн агаар мандалд үзүүлж буй нөлөөг загварчлах, далайд явуулж буй үйлчилгээний аюулгүй байдал, менежментэд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох шаардлагатай гэдгийг зөвлөж байна. Учир нь дэлхийн худалдааны 90 гаруй хувийг далайгаар зөөж, хүн төрөлхтний хүнсний нөөцийн 40 гаруй хувийг далайн эргээс нийлүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам нэмэгдэж буй энэ үед ажиглалт хэмжилт, судалгаа, шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажил урьд урьдаас илүү чухал болоод байна.

Дэлхийн цаг уурын өдрийг дэлхий систем дэх далай, цаг агаар, уур амьсгалын харилцан шүтэлцээнд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор дээрх сэдвийг  онцолсон юм. Түүнчлэн НҮБ 2021-2030 оны арван жилийг Тогтвортой хөгжилийн төлөө Далайн шинжлэх ухаан гэж нэрлэсэнтэй холбоотой. Энэ арван жил нь далайн шинжлэх ухааныг эрчимжүүлэхийн тулд  тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн мэдээлэл хэлбэрээр  шинэ бүтээлч санал санаачилга гаргах оролдлогуудыг өдөөх, дэмжих зорилготой юм. ДЦУБ нь НҮБ-ийн цаг агаар, уур амьсгал, ус хариуцсан мэргэжлийн агентлагын хувьд далай, цаг агаар, уур амьсгалын нарийн төвөгтэй шүтэлцээний тухай ойлголтыг түгээхийг эрмэлзэж байна. Энэ нь бидний амьдарч буй дэлхий, уур амьсгалын нөлөөг ойлгоход туслах ба иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахад гишүүн улс орнуудын чадварыг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг багасгах, улмаар  эдийн засгийг нь тэтгэх юм.

Далай дэлхийн болон манай орны цаг агаар, уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг болохыг энгийнээр товч дурьдвал:

Далайд агаар мандлын адил дулаан, хүйтэн урсгал, хуйлралууд байдаг. Тэдгээрийн агаар мандалд үзүүлдэг нөлөөний хамгийн энгийн жишээ гэвэл, Испани, Португал, Франц, Англи зэрэг улс орнууд манай улстай ижил өргөрөгт түүнээс ч өндөр өргөрөгт байрлаж байгаа мөртлөө Атлантын далайн дулаан урсгалын нөлөөгөөр манайхаас хамаагүй зөөлөн дулаан уур амьсгалтай байдаг. Өөрөөр хэлбэл манай улс далайгаас алслагдсан, эх газрын гүнд оршдог учир хатуу ширүүн уур амьсгалтай байдаг. Гэхдээ энэ нь манай орны цаг агаар уур амьсгалд далай нөлөөлдөггүй гэсэн үг биш.

Одоогоор бидний хийсэн судалгаагаар номхон далайд ажиглагддаг далайн гадаргын температур ихсэх, багасах буюу Эль-нино, Ла-Нина үзэгдлүүд  манай орны нутгийн зүүн, зүүн өмнөд хэсгийн зуны улирлын хур бороонд бага зэрэг нөлөөлж байна гэсэн судалгааны үр дүн байдаг. Харин Атлантын далайн хувьд илүү нөлөөтэй байх боломжтой. Учир нь энгийнээр хэлэхэд Атлантын далай нь манай орны агаарын урсгалын салхин дээд талд байрладаг. Үүнийг ч бас судалгааны үр дүнгүүд харуулсан байдаг. Хойд Атлантын далайн хэлбэлзэл гэж нэрлэгддэг агаарын даралтын орны тогтоцийн эрчим Монгол орны хавар, өвлийн улирлын температуртай өндөр хамааралтай байна гэдгийг гадаад дотоодын судлаачид тогтоосон.

Мөн Арктикийн хэлбэлзэл манай орны өвөл, хаврын улирлын температуртай нэлээд хамааралтай байдаг. Энэ мэт шууд хамаарлууд байгаагаас гадна дам хамаарал нөлөөллүүд маш их байдаг. Энэ бүхнийг судалж нарийвчлан тогтоох шаардлага байсаар байна. Тэгэхээр энэ жилийн Дэлхийн Цаг уурын өдөр бидэнд энэ ажлуудад анхаарлаа хандуулж, шаардлагуудыг биелүүлж ажиллахыг сануулж байна.

About dornogovi.namem.mn

Check Also

Байгууллагуудын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

             Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Дорноговь аймагт цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 80 ...