Мэдээ мэдээлэл
ДЭЛГЭРЭХ СТАНЦАД АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛЛАА

2025 оны 3 сарын байдлаар УЦУОШТ-ийн хэмжээнд 6 цаг уурын өртөө, 7 цаг уурын харуул, 1 Мал аж ахуйн цаг уурын харуул гэсэн 14 салбарт цаг уурын шинжилгээ судалгааг 6 төрлийн 14ш цаг уурын автомат станцаар хэмжилт хийж, уур амьсгалын мэдээллийн санг алдаагүй үнэн зөв мэдээллээр баяжуулж, ажиглалтын тасралтгүй цувааг бий болгож байна.Цаг уурын хэмжил зүйн ажлын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах зорилтын хүрээнд 2024 оны 11 сард ЦУОШГ-аас Дорноговь аймгийн УЦУОШТ-д Финланд улсын Vaisala фирмийн AWS310B маркийн 2ш иж бүрэн автомат станцыг хангалтаар өгсөн.
2025 оны 4-р сарын 9-10-ны өдрүүдэд Сайншанд өртөөнд, 4-р сарын 23-24-ний өдрүүдэд Дэлгэрэх өртөөний ажиглалтын талбайд тус бүр шинээр цаг уурын AWS310B автомат станцын угсралт, суурилуулалтын ажлыг Багаж, хэмжил зүй хариуцсан ерөнхий технологич инженер Б.Нямжав, Уур амьсгалын салбар хариуцсан ерөнхий технологич инженер Ц.Оюунбаяр, ЦУОТХ, Сайншанд, Дэлгэрэх өртөөний техникч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэлээ. Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн инженер Б.Цэрэндоржтой цахимаар холбогдож заавар зөвлөмжийн дагуу ажилласан. Шинээр суурилуулсан автомат станцуудын хяналтын харьцуулсан тоололтыг ажлын эталон багажтай нэгж дамжуулах аргаар 1 цагийн зайтайгаар 10 удаа хийсний үндсэн дээр хэмжилт судалгаанд ашиглаж эхлээд байна.
Тус автомат станц нь Агаар, Хөрс, Салхи, Нарны цацраг, Агаарын даралт, Хур тунадас гэсэн цаг уурын үзүүлэлтүүдийг 1 минут тутамд 24 цагийн турш тасралтгүй хэмждэг.Сайншанд өртөөний AWS310B автомат станцын салхины мэдрүүрийг 10м өндөр матчинд суурилуулах ажлыг “Тохижилт-Сайншанд” Хот тохижилтын газрын 02-26 ДГС улсын дугаартай Пишка /Тавцант кран/ машины тусламжтайгаар гүйцэтгэсэн.