Үе үеийн удирдлагуудын товч намтар
НОРОВЫН ЧҮЛТЭМ
1983-2002 онд ус цаг уурын албаны дарга
Норовын ЧҮЛТЭМ
Төрсөн он, газар:
1947 он Дорноговь аймгийн Хатанбулаг сум
Төгссөн сургууль, мэргэжил
1963-1966 он Архангай аймгийн хөдөө аж ахуйн техникумын цаг уурын анги
1972-1977 он Монгол улсын их сургуулийн цаг уурын инженер
Ажилласан байдал:
1966-1972 он Сайншанд аэрологийн станцын техникч, ахлах техникч, радиолокатарын техникч
1977-1980 он Сайншанд аэрологийн станцын инженер, дарга
1980 -1983 он Хөдөө аж ахуйн цаг уурын инженер
1983- 1988 он Ус цаг уурын товчооны дарга
1988-1991 он Байгаль хамгаалах газрын дарга
1991-2002 он Ус цаг уур, орчин зүйн судалгааны төв, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал
2002-2008 он Багажийн инженер, байцаагч
2008-2009 он Технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий технологич
2000 он Байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн
Гавьяа шагнал:
Удирдах газрын болон аймаг, байгууллагын сайшаалын үнэмлэх, баярын бичиг
1971, 1981 он Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль
2001 он Байгаль орчны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
2001 он Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
1999 он “Хөдөлмөрийн хүндэт” медаль
2007 он “Алтан гадас” одон
2014 он “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
ДУРСАМЖ
Хүн төрөлхтний нийгэмд хэн ч анзаардаггүй мөртлөө аливаа нэг анги бүлэг, давхаргийн эрх ашиг бус, хүний нийтлэг эрх ашигт тасралтгүй үйлчилж, бусдад буян хишиг хайрладаг мэргэжлийн нэг нь цаг уурч мөнөөс мөн билээ. Бид шинжилгээ судалгаа хийлгүйгээр орчноо таньж мэдэх боломжгүй нь тодорхой. Монголын уур амьсгал хахир ширүүн, дөрвөн улиралтай байдаг онцлогтой бөгөөд түүнийг цөөхөн мэргэжилтэн хийж судалдаг боловч үйл ажиллагааны цар хүрээ, үр дүн нь чамлалтгүй их гэхэд хилсдэхгүй.
Үүнийг зүйрлэж монголын нэгэн эрдэмтэн хэлэхдээ: Цаг уурын байгууллага нь нэг төгрөг зарцуулж дөрвөн төгрөгийн орлого оруулдаг нь судалгаа тооцоогоор нотлогддог гэжээ.Энэхүү нарийн чимхлүүр мэргэжлийн ажлыг зэмших болсон сонин тохиолдлоос дурсамжаа эхэлмүү.
Миний бие бүрэн бус дунд сургууль төгсөөд Архангай аймгийн хөдөө аж ахуйн техникумын гидротехникийн ангид томилолт авч очсон боловч тус сургуулийн хичээлийн эрхлэгч Дондог гэдэг хүн “ Чи бие жаахан учир ажлаа дийлэхгүй гээд цаг уурын ангид хуваарилсан одоо шийдвэр өөрчлөхгүй” гэдэг байгаа. МУИС-ийн физик математикийн факультетийн цаг уурын салбарын 6 дахь удаагийн төгсөлтөөр 13 хүн цаг уурын инженерийн диплом өвөрлөн тус тусын хуваарьт ажилдаа томилогдож байсан нь саяхан санагдана.